2026-10-05

Охиндоо сарын тэмдгийн талаар хэзээнээс ярьж эхлэх вэ?

 

Сарын тэмдэг бол охины бэлгийн бойжилтын үед тохиолддог физиологийн хэвийн өөрчлөлтийн нэг юм. Гэхдээ охин анх удаа сарын тэмдэг ирэх үедээ энэ талаар урьдчилан мэдэхгүй байвал цус гарахыг гэнэтийн, айдас төрүүлэм зүйл гэж хүлээн авах боломжтой. Харин сарын тэмдэг гэж юу болох, яагаад ирдэг талаар өмнө нь мэддэг байсан бол өөрийн биед гарч буй өөрчлөлтийг ойлгож, тухайн үедээ хэрхэн зохицуулахаа мэддэг байна.

Тэгвэл охиндоо сарын тэмдгийн талаар хэзээнээс ярьж эхлэх нь зөв бэ?

Үүнд бүх охидод тохирох нэг тодорхой нас гэж байдаггүй. Охидын бэлгийн бойжилт өөр өөр хугацаанд эхэлдэг бөгөөд сарын тэмдэг ирэх нас ч мөн адил хүн бүрт ялгаатай байдаг. Тиймээс тодорхой нас хүрэхийг хүлээхээс илүүтэйгээр бэлгийн бойжилтын талаар хүүхэдтэйгээ ярилцаж эхлэх нь чухал.

Сарын тэмдэг ирэхээс өмнө охины биед хэд хэдэн өөрчлөлт явагддаг. Хөхний хөгжил эхлэх, биеийн үс ургах, биеийн үнэр өөрчлөгдөх, арьс тослогжих, үтрээний ялгадас гарах зэрэг нь бэлгийн бойжилтын үед тохиолдож болох хэвийн өөрчлөлтүүд юм. Эдгээр өөрчлөлтийн талаар урьдчилан мэддэг байх нь хүүхдэд өөрийн биед гарч буй өөрчлөлтийг ойлгоход тусалдаг.

Иймээс сарын тэмдгийн талаар ярилцах нь нэг удаагийн том яриа байх шаардлагагүй. Хүүхдийн нас, ойлгох чадвар болон өмнөх мэдлэгт нь тохируулан мэдээллийг үе шаттайгаар өгөх нь илүү тохиромжтой. Эхлээд биеийн хэсгүүдийн зөв нэршил, дараа нь бэлгийн бойжилтын үед гарах өөрчлөлтүүд, улмаар сарын тэмдэг болон сарын тэмдгийн үеийн ариун цэврийн талаар ярилцаж болно.

Мөн хүүхэд сарын тэмдэг ирэхээсээ өмнө сарын тэмдэг гэж юу болох, яагаад ирдэг, цус гарах нь хэвийн физиологийн үйл явц гэдгийг мэддэг байх нь чухал. Ариун цэврийн хэрэглэл гэж юу болох, хэрхэн хэрэглэх, сургууль болон гадуур байх үед сарын тэмдэг ирвэл хэрхэн зохицуулах талаар үндсэн ойлголттой байх нь анхны сарын тэмдэг ирэх үед хүүхдэд илүү итгэлтэй байхад тусална.

Сарын тэмдгийн тухай мэдээлэл өгөхдөө биеийн хэсгүүдийг зөв анатомийн нэршлээр нь нэрлэх, сарын тэмдэг болон бэлгийн бойжилтыг ичгүүртэй эсвэл нууц зүйл мэт бус, хүний биеийн хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон тайлбарлах нь чухал. Ингэснээр хүүхэд өөрийн биеийг илүү зөв ойлгож, өөрчлөлтүүдийг хэвийнээр хүлээн авах суурь тавигдана.

Эцэг эхийн хувьд энэ сэдвийг нэг удаа тайлбарлаад дуусгах шаардлагагүй. Хүүхэд өсөж, бие нь өөрчлөгдөхийн хэрээр мэдээллийг нь нэмэгдүүлж, ойлголтыг нь бататгах боломжтой. Мөн хүүхэд биеийнхээ талаар асуулт асуух, ойлгохгүй зүйлээ хэлэх, шаардлагатай үед тусламж хүсэхэд нээлттэй орчин бүрдүүлэх нь чухал.

Сарын тэмдгийн боловсрол гэдэг нь зөвхөн анхны сарын тэмдэг ирэх үед юу хийхийг заах тухай биш. Энэ нь охинд өөрийн биеийг ойлгох, бие махбодын өөрчлөлтөө хэвийн зүйл гэж хүлээн авах, өөрийн эрүүл ахуйг зөв сахих, хэрэгтэй үед мэдээлэл болон дэмжлэг авах суурь мэдлэгийг өгөх тухай юм.

Охин тань сарын тэмдэг ирэх өдөр нь анх удаа энэ тухай сонсох биш, өмнө нь мэддэг байгаасай. Түүнд хэрэг болох тэр яриаг хэрэгтэй болохоос нь өмнө эхлүүлээрэй.